Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалт гэдэг нь үр өгөөж хүртэнэ гэж итгэсний үндсэн дээр мөнгөө ирээдүйд ашиг, орлого авчрах зүйлд зарцуулахыг хэлнэ.

Хэдэн төгрөгийн ашиг хүртэх вэ
  • Таны хөрөнгө оруулалт амжилттай байх баталгаа байхгүй. Таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ нэмэгдэж, эсвэл буурч болно.
  • Компанийн хувьцааны хувьд та хэдэн төгрөгийн өгөөж хүртэх нь тухайн компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас шалтгаална. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд ашиг орлого олох уу? Эсвэл мөнгөө алдах уу? гэдэг нь таны сонголт, тухайн сангийн үйл ажиллагааны гүйцэтгэл, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлаас шалтгаална.
Хөрөнгө оруулахаас өмнө
  • Хөрөнгө оруулахаасаа өмнө та дараах зүйлсийн талаар тунгаан бодоорой. Үүнд:
    • Таны хөрөнгө оруулалтын зорилго;
    • Та ямар мөнгөөр хөрөнгө оруулалт хийх вэ?
    • Таны хүлээн зөвшөөрөх эрсдэлийн хэмжээ;
    • Ямар хугацаанд хөрөнгө оруулахыг хүсэж байна вэ?
    • Хөрөнгө оруулалтын үйл явцад хир идэвхтэй оролцох хүсэлтэй байна вэ?
Зээлээр хөрөнгө оруулах тухай
  • Хөрөнгө оруулахын тулд мөнгө зээлэхээсээ өмнө сайн бодоорой. Ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд авсан зээлийн нийт зардлаас илүү их орлого олох шаардлагатай болно. Хэрэв хөрөнгө оруулалтаас олсон таны ашиг авсан зээлийн нийт зардлаас бага, эсвэл хөрөнгө оруулснаар алдагдалд орсон бол та хөрөнгө оруулсан мөнгөө алдах төдийгүй авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болно. Хөрөнгө оруулалт бүтэлгүй болсон ч та зээлийн хүү, шимтгэлийг төлсөөр байх болно.
Шимтгэл суутгалыг шалгах
  • Хувь хүний эзэмшлийн хувьцаа худалдан авах эсвэл зарах гэж байгаа бол та хөрөнгийн биржийн брокерт хандаж холбогдох арилжааны төлбөрийг төлж арилжаалах хэрэгтэй болно. Хэрэв хөрөнгө оруулалтын сан худалдан авах эсвэл худалдах гэж байгаа бол сангийн менежерт төлбөр төлөх гэх мэт тодорхой төлбөр төлөх хэрэгтэй болдог. Санхүүгийн зөвлөгөө авах хүсэлтэй байгаа бол санхүүгийн зөвлөхийн үйлчилгээний хөлсийг төлнө.
  • Санхүүгийн байгууллага тус бүрийн шимтгэл хураамжууд нь өөр байдаг. Иймд та өөрийн төлөх нийт төлбөрийн талаар тодорхой мэдээлэлтэй болохын тулд харьцах гэж буй санхүүгийн байгууллагаа холбогдох бүх шимтгэл, үйлчилгээний төлбөрийн талаар тодорхой тайлбарлахыг хүсээрэй. Жишээ нь, аливаа хөрөнгө оруулалтыг худалдан авах эсвэл худалдах шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох хэчнээн хэмжээний шимтгэл, суутгал эсвэл бусад зардлуудыг төлөх ёстойг тодруулж шалгаарай.
  • Хураамж өндөр байх нь заримдаа чанар сайтайг илтгэдэг. Гэвч та төлсөн хураамжтай дүйцэхүйц чанартай үйлчилгээ авч чадах эсэх, өөр газар бага төлөөд адил чанартай үйлчилгээ авч чадах эсэхээ бодож нягтлаарай.