Зээл авахаас өмнө

Зээл авч юм худалдаж авахаасаа өмнө дараах зүйлсийг бодож үзэх хэрэгтэй. Үүнд:
  • Таны худалдаж авахаар төлөвлөж буй зүйл танд үнэхээр хэрэгтэй юү?
  • Та тухайн зүйлийг хэрэгцээтэй, эсвэл, хүссэн учраас худалдан авах гэж байна уу?
Тухайн зүйл танд үнэхээр хэрэгтэй бол:
  • Хаа нэгтэйгээс хямдхан авах боломж байна уу? Жишээлбэл харьцуулж байгаад хамгийн хямд үнэтэйг нь авах.
  • Зээл авалгүйгээр худалдан авах өөр арга байна уу? Жишээлбэл, мөнгөө цуглуулж байгаад тодорхой хугацааны дараа мөнгөтэй болохоороо авч болох уу?
  • Зээл авахаас өөр аргагүй бол бага хүүтэй мөнгө зээлэх боломж байна уу?
  • Та авсан зээлээ эргүүлээд хүүгийн хамт төлөх чадвартай юу?
    • “Сайн” зээл гэдэг нь та уг мөнгийг ашиглан богино хугацаанд мөнгө олж чадах, ирээдүйд тогтвортой хугацаанд мөнгө олох чадвараа сайжруулах, орон сууц гэх мэт чухал зүйлсийг худалдаж авах боломжийг бүрдүүлж буй зээлийг хэлнэ. Жишээлбэл, ажилдаа очиход шаардлагатай машин худалдаж авах, хожим өндөр цалинтай ажилд ороход шаардагдах боловсролыг эзэмших, амьдран суух орон сууц худалдан авах зорилгоор авсан зээл. Гэхдээ та уг зээлийг эргүүлэн төлөх санхүүгийн чадвартай байх ёстой. Таны авах зээл боломжит хамгийн бага хүүтэй байх хэрэгтэй.
    • “Муу зээл” гэдэг нь та өөрт чухал шаардлагагүй зүйлийг худалдаж авах, ирээдүйд ашиг өгөхгүй зүйлд зориулж авсан зээлийг хэлнэ. Ийм төрлийн зээлд үнэтэй хувцас, тансаг хэрэглээний зүйл худалдан авах, үнэтэй аялалд явахын тулд авсан зээл орно.